Олохуйяа бэрх эрдэнэт хүмүүний биеийг олоод уулзахуйяа бэрх бурхны шашин лугаа уулзаад удамбарын цэцэг мэт олдох бэрх очирт хөлгийн ном лугаа учраад ийм гурван бэрх лүгээ төгссөн хувьтай бөлгөө. Нүүрний хиртэй, хиргүй хоёрыг толинд үзээд угаадагтай адил дээд номын толинд үзээд буян нүгэлийн хоёр заяаг авах гээхийн ялгалыг ажиглаж явалтай.Гэрээ салхинд унана гэж баганадахдаа яасан хэрсүү байна. Гэнэт үхлийн эзэн ирнэ гэж залбирдаггүй тань яасан мунхаг байна.Алж нядлахдаа ай тэнгэр лус найман гэж залбирахдаа яасан дасамгай байна. Аюулт үхлийн эзэн ирнэ гэж аврагч гурван эрдэнэд залбирдаггүй нь яасан арчаагүй билээ.Хийсэн дэнгээ бөхөхийн урьд үйлээ хичээж хийдэг байтлаа үхлийн эзэн ирэхийн урьд үнэн буян номыг үйлдэлтэй л.Хот хүрээндээ чоно хулгай орно гэж бэхэлж манахтайгаа адил хот төрөл ирнэ үхэл болно хэмээж сахил санваараа хичээлтэй л.Удган эрвээхий зулын гэрэлд тачаасаар түлэгдэж үхэхийг үзэв.Эрдэнэт хүмүүн танууд минь нэг нэгнээсээ илүү эд мал буйг уулгалан булаагаад эзэн хааны цаазанд орж энэ биеэ алмой.Эрвээхий зулын гэрэлд орж үхэх шалтгаан болбоос урьд төрөлдөө хүн явж хүсэлт тачаангуйн эрхийг эдлээд олон хүнээс нуухын тул зулын гэрлийг жаргуулаад нэг мянган галав дуустал харанхуй тамд төрөөд энэ ертөнцийн эрвээхэй болж төрсөн нь тэр болой. Үүнийг үйлийн үрийн толиос номлосон буй.Түүнийг мэдвэл Их зуу шүтээн ба хийд сүм ба дацан хурал ба чулуун агуйн дияан ба мацаг тусын өндөрт онол наманчлалын судар түүнчлэн ирсэн найман оточийн мөргөл сайн явдалт ерөөлийн хаан эдгээрийн бүгд алин болох нэгийг ариун төрлийн хуваргаас уншуулаад, эрхэм баян болбоос нэг мянган зул, дунд баян болбоос зуун зул, адаг баян болбоос нэгээс арав хүртэл зулыг өргөж, зуу мянга, түм, хүртэл өгөж, мөргөвөөс арилах болой.Энэ нүгэлийг гэмшиж эдгээр буяныг шүтэх болбоос Эрдэнэ ноён хутагт би нигүүлсэгчийн нүдээр үзье.Уулнаас буусан үерийн ус талдаа хүрч тогтдог. Өчүүхэн тоосны төдий хүмүүн танууд амь зууж, аж төрөх гэж явсаар энэ насыг бармой.

0
Таны сагс
  • No products in the cart.