Тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа 1851 онд Өвөр баясгалант Хамарын хийдийн хойд талд орших эртнээс эгэлгүйд тооцогдож ирсэн олон өнгө солонгорсон толгодын төвд олон шавь нараа дагуулан очиж Шамбалын орны тэг бүтээн овоо босгож өөрийн шавь нар лугаа Шамбалын оронд уулзахын билэг ерөөлийг талбисан нь өнөөг хүртэл монголчуудын дунд “Хойд Шамбалын орон” хэмээн шүтэгдэн эргэл мөргөлийн ариун орон болсоор байна. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Энэхүү Шамбалын оронд хүрэх үүд хаалга нь хүний өөрийн сэтгэл дотор бий гэх боловч хүмүүсийн төсөөлөлд хүргэж, зурж бүтээсэн нь бас байдаг. Халхын Жалханз хутагтын багш Минжүүр Дэчин Шийрэв ламтан нууц тарнийн номын үүднээс судалж үзээд Шамбалын орны тухай “Хүмүүний оюуныг баригч орон дээд бүтээлийн орон” хэмээжээ. Тэгэхээр хүн өөрийн оюуны сэтгэлийн төгс хөгжлөөр хүрч болох эсвэл ихэс дээдсийн тавьсан ерөөлийн хүчээр хүрч болох эл дээдийн орныг Шамбал гэдэг ажгуу. Шамбалыг зорин ирэгсэд дараах ёсоор үйлдэнэ •Шамбалын орныг зорихдоо Өвөр баясгалант Хамарын хийдээс эхлэх эргэл мөргөлийн замаар ирэх бөгөөд Их хаалганы өмнөх Бодияаны мэлмийг харж тогтоон бясалгана. • Өмнө зүгээс эргэл мөргөлийн замаар явсаар хаалганд хүрч баруун үүдээр нь орно. Энэ үүдийг “Хилэнцийг арилгах алтан хаалга” гэнэ. • Дотогшлон орж өөрийн бие, хэл, сэтгэлийн хирийг угааж байна хэмээн сэтгээд үйлдсэн нүгэл хилэнц бүхнийг наманчилна. Тухайлсан онцгой нүгэл хилэнц байх бөгөөд бясалган наманчилж үл чадваас, цаасан дээр бичин “Бирдийн ходоод” хэмээх зүүн хойд зүгт хандсан бяцхан агуйд хийж шатаана. Учир нь Шамбалын ариун орноо хилэнц гэмээсээ хагацаж ариусал нигүүлсэлийг олсон хүмүүн дараа төрөлдөө төрөх номтой аж.

Үүний хойно одоо бие, хэл, сэтгэл ариусч Гэгээнтэний тавьсан ерөөл буянд багтах боллоо хэмээн бодож Цагийн хүрдэнд мөргөнө. Энэ зуур бие, хэл, сэтгэлийн мөргөл буюу гурван үүдний мөргөл үйлдэж, цаг хугацааг даван таны талбисан ерөөл буянаар Шамбалын орноо төрж, улмаар бурханы хутгыг олох болтугай хэмээн бясалгана.

  • Үүний хойно Шамбалын орныг төлөөлөх суварга шүтээн сэлтэд нэг бүрчлэн сэтгэлийн тахил өргөж аврал одуулна. /Суварга бүрт мөргөнө/ Өөрийн мэдэх маань, мэгзэм, ерөөл магтаал тэргүүтнийг уншиж сэтгэл баяссанаар Шамбалын номын чуулганаа даган баясаж байна хэмээн бодно.
  • Гурван үүднээс тахил сэлт хийгээд дээдийн их шүтээн уулнаа хандан өргөл өргөнө /Нанчид/. Энд та хилэнц гэмээсээ хагацаж ариуслыг олсон тул эндээс үхэж егүүтэхийн цагт шамбалын оронд төрүүлж хайрлана уу хэмээн сүслэн бодох ёстой.

Шамбалын овоонд гарч хадаг өргөн залбирал үйлдэнэ. Энэ овоог “Алтан гавал” овоо хэмээх бөгөөд Шамбалын дээд орны энэ газар шороон дахь хүйс гэж үздэг. Алтан гавал овоонд сүслэн мөргөж тахил сэтгэлээр хувилгасан үүлэн тахил сэлтийг өргөсөнөөр Шамбалын хаан Ригдэндагва тэргүүтэн ихэд баясан танд хишиг хүртээдэг ажээ /Дотоод тамир гэрлэн хүрээг сэлбэн тэтгэж адистид оршино/.

Овооноос бууж хаа нэгтээгээс цагаан чулуу нэгийг авч нэрээ шившин алтан цагийн хүрдний сууринаа тавина. Ингэснээр хойд төрөлдөө Шамбалд төрөх бүртгэлд орлоо хэмээн сэтгэнэ. Их хаалганы зүүн талын үүдээр гарах ба энэ хаалганы нэрийг“Буян заяа оршиож амгаланг урих” хаалга хэмээмүй. • “Ум сайн амгалан болтугай!” хэмээн гурвантаа ерөөл талбина.

Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав.

0
Таны сагс
  • No products in the cart.